Friday, December 23, 2011

ЖҮҮДИЙН ХИЧЭЭЛ-III: ЭХ ОРОН vs ЭХ ОРОНЧ


Цөөрч буй эх орончийн бэлэг
Жонатан Медвед хэмээх жүүд хархүү наяад оны эхээр Израйльчуудад эх орноо улам их хайрлах эрдмийг заахаар санаа шулуудаж далай гатлан ирэв. Тэрээр Израйль улс оршин тогтох үндсийн үндэс нь Сионизм буюу жүүдэч үзэл гэдэгт хатуу итгэсэн фанаат байлаа. Ингээд израйлчуудаар эх орныг нь улам хайрлуулах аянд мордлоо.  Яг л манайхан өөрсдийгээ “тэнгэрийн тамга бидэнд бий, худлаа гэвэл өмд шувтлаад хар” гэж ирээд л хөөрөлхдөг  шиг “Жүүдүүд бол ертөнцийн эзэнд шилэгдсэн үндэстэн учраас...” гэж ирээд л номлоод явж. Харин Жонатан монгол бус жүүд хүн юм болохоор суртал номлох зардлаа хүнээс нэхсэнгүй. Хөрөнгө чинээ сайтай эх оронч бус этгээд илрүүлэн мөнгө нэхэж рекэт хийсэнгүй. Зүгээр л, эцгийнхээ хийдэг электрон барааг борлуулан амь зууна.
 Хувь заяаны тохиолоор мятрашгүй жүүдэч хархүүг  Израйлын батлан хамгаалах салбарын томоохон гэрээлэгч Rafael-ийн боссуудын нэг анзаараадахжээ. Эх оронч үзэл нь таалагдсан юм биш. Харин мятрашгүй байдал нь сонирхол татсан хэрэг. Тэрээр залуу эх орончийн хувь заяаг бүрмөсөн эргүүлсэн үгийг хэлсэн нь “Израйльд эх орончид бус бизнесмэнүүд хэрэгтэй байна. Энэ орныг эх оронч үзэл аврахгүй. Харин манай улсыг  технологи аврана” гэж.
            Сэтгэл санаа эргэсэн залуу гэнэт эцгийнхээ юу хийдгийг сонирхож эхлэв. Израйльчуудад хэрхэн эх орноо хайрлах нь зүйтэй болохыг  ухуулж явсан хархүү түүнээ болив. Оронд нь  аавынхаа үйлдвэрлэдэг оптик дамжуулагч, хүлээн авагчийн  сурталчилгааг хийж эхэлжээ. Удалгүй Иерусалимд гараашаа янзлан  Israel seed partners-ийг байгуулсан нь  тун удалгүй 300 сая доллартай болоодохжээ.  Өдгөө түүний хөрөнгө оруулсан компани Nasdaq-ийн топ хэсэгт бүртгэгджээ.

 Харин Жонатан Медвэд   “Израйлын эдийн засгийн элчин сайд” хэмээх алдрыг хүртэж Израйль хөрөнгө оруулах, израйль маягаар  бизнес хийхийг ухуулдаг, үлгэрлэдэг нэг болжээ.  Гол санаа нь “улс орны тусгаар тогтнолын баталгаа бол хүчирхэг эдийн засаг мөн. Хүчирхэг эдийн засаг эх оронч хийрхэл дээр бус шинэ технологи дээр тогтдог. Эх орондоо хайртай л юм бол шинэ технологиийг зохиогч, нэвтрүүлэгч, хэрэглэгч бологтун” гэх аж. Үүнийг эх орноо хайрлах Жүүдийн хичээл гэж үзсэн ч болно.
Технологи, технологи дотроос технологи хайх нь эх орондоо хайртай Израйль хүн бүрийн ариун үүрэг аж. Израйлын пуужин хийдэг технологи дээр анагаах ухааны хамгийн орчин үеийн тоноглол үүсэн хөгжив. Пуужингийн чиглүүлэх хэсэг дээр нэг лут дуран байдаг болтой юм. Ач холбогдлоороо бол 1939 онд Олзвой баатар Яончуудаас хулгайлсан яндан дурантай ойролцоо. Тэр дурангаа израйлын инженерүүд жаахан боловсронгуй болгоод хүний гэдэс ходоодыг туушид нь дурандаад, олон зуун фото зураг аваад ирдэг үрлэн камер хийж.
Мөн л цэргийн үйлдвэрийн технологи дээр тулгуурлаад нэг чип хийжээ. Тэр чип яадаг вэ гэхээр, хүний бие суулгана. Эзнээ хаа байгааг тагнуулчидад зааж өгөх юм биш. Жаахан болхидуу хэлэхэд, өөрөө өөрийгээ хүний биеийн эрчмээр цэнэглээд, авсан цэнэгээрээ ажиллаж инсулин үйлдвэрлэн эзнийхээ хэрэгцээнд нийлүүлээд байх юм. Өөрөөр хэлбэл саахарын өвчтэй улс эмнэлэгт хэвтэх, байнга эм уух хэрэггүй болж байгаа юм байна.

Олширч буй “эх оронч”-ийн балаг
Израйль улс л юм хойно асуудалтай, хүн л юм хойно зовлонтой, дэвшилтэй учраас хоцрогдолтой. Хүн болгон  л “технологи сур, сур, бас дахин сур” гээд явдаггүй аж.
Хамгийн том зовлон нь эх орондоо хэт хайртай нөхдөөс эхтэй. Улс орныхоо оршин тогтнох үндсийн үндэс нь жүүдийн жүүдээрээ байх хэмээн үздэг ортодоксууд. Нөгөө талд нь Израйлын арабчууд.
Эх оронч санаа, унаган ёс заншлаа хайрлахын хэрээр улс үндэстэндээ садаа болдогийн учир юу вэ? Мэдээж хайрлаад байхаар муудаад байдаг юм гэж юу байхав.
            Хэвийн жүүд үндэстний хөдөлмөрийн ид насны буюу 25 -64 насны эрэгтэйчүүдийн 84, эмэгтэйчүүдийн 75 хувь ажил эрхэлдэг. Харин харидем болон хэт ортодокс жүүд дээр очихоор яг ийм хувь нь ажил эрхэлдэггүй үзүүлэлт гардаг.
Бен Гурионы үеэс хэт ортодокс жүүдүүд цэрэгт явахгүй байж болдог хууль гарчээ. Гэтэл цэрэгт явах сонирхолгүй залуус ортодокс сүмийн сургуульд олноороо бүртгүүлэх болов.  Энэ улс цэргээрээ дамжуулж боловсрол эзэмшдэг тогтоцтой, армид нь технологич, менежер, цэрэг бэлтгэдэг. Саяхан нэг Израйль цэргийг бараг шорон дүүрэн палестин хоригдлоор сольж буйг бид зурагтаар харсан. За даа, бараг нэг израйль цэргийн зах зээлийн ханш тэр юм шиг байна даа.  Учир иймд цэргээр дамжаагүй хүмүүс улс төр, бизнесийн ертөнцөд зайгаа олоход хэцүү болно. Тэд хөдөлмөр, бизнесийн зах зээл дээр гологдож байгаа учраас шууд нийгмийн халамжийн давхраа үүсгэнэ. Тэр хэрээр бүтээн байгуулагч татвар төлөгчдөд дарамт болно.
Арабууд болохоор эмэгтэйчүүдийг угаасаа ажил эрхлүүлдэггүй заншлаа дагадаг. Дээр нь төрөлтөөр улсдаа тэргүүлнэ. Түвэгтэй нь арабууд болон  хэт ортодокс жүүдүүд  2007 оны байдлаар нийт хүн амын 28 хувийг эзэлж байсан бол ойрын үед 40 орчим хувь болж өсөх тооцоо гарч буй аж...Яанаа гэлцээд байна.  

 Эх орон  vs Эх оронч
Дэн Сенор, Сол Сингер нарын “Улс үндэстэн цогцолсон нь: Хэрмэл жүүдээс хүчирхэг Израйль” номыг унших тусам  нэг асуулт гарна, тэд эх оронч байхыг муухай гэх гээд байна уу гэж. Эх орон гэдэг бол юун түрүүн эрх дураараа, жаргалтай амьдрах орон зай. Энэ орон зайг янз хүмүүс янз бүрээр дүүргэдэг. Хэтэвчинд мөнгө, гарт бүтээн байгуулалт, оюун санаанд бодит төлөвлөгөө байхгүй үед  хүн дан гагц итгэл найдвараараа л жигүүрлэдэг.
 Итгэл найдварын гал нь өөрийгээ болон, үндэстнээ хамгаас илүү хүчтэй, заяатай гэдэгт үнэмшүүлсэн домог, ойлголтоос оч авдаг билээ. Ийм үзэл санаагүйгээр үндэстэн оршин тогтнох ч аргагүй. Гэхдээ ямар нэгэн бүтээн байгуулалтгүй дан хайр байвал улс орон цогцлохгүй. Айл гэрийг хүртэл дан хайр дурлалаар авч явдаггүй, ажил хөдөлмөрөөр гэр бүлээ тэжээх хэрэг гардаг шиг.
Эцсийн дүнд улс орныг иргэдийнх нь бүтээсэн баялаг л хөл дээр нь авч явдаг. Иргэд нь хийсэн бүтээсэндээ хангалуун байхын хэрээр ирээдүйдээ итгэлтэй жаргалтай амьдардаг. Сайн үндэстэн, хувьтай ард түмэн болохоо биеэр мэдрэнэ гэсэн үг. Өмнөх шатанд ийм ойлголт нь  бодит бус зөвхөн сэтгэлд, суртал ухуулгад байсан бол биежинэ гэсэн үг. Хөгжихийн тулд эх оронч сэтгэл, үзэл санаагаа бодит бус байдлаас гаргахын нэр. Сайхан мөрөөдөлтэй байхаа болиод сайхан амьдралтай болохын нэр аж.
Ингэхийн тулд хоосон уриа, дэвэрсэн санаагаа орхих ёстой. Өөрөөр хэлбэл,  Зэвсгийн үйлдвэрийн эзэн тэр хүн залуу сионист Жонатан Медвэдэд хэлсэн шиг эх оронд эх орончид бус технологичид хэрэг болдог цаг бий. Энэ цагийг алдаж болохгүй. Тэгвэл “манайх хамгийн мундаг үндэстэн, бид тэнгэрийн ийм, тийм юмтай” гэж орилсон хэвээрээ л үлдэнэ.
Өнөөгийн жүүдүүд “хэрхэн Ертөнцийн эзэнд сонгогдсон” тухайгаа ярьдаггүй. Учир нь юм хийж байгаа учраас ярих зав байхгүй. Юм хийхийн хэрээр эх орон нь хүчирхэгжиж, хөгжиж дэлхийд тэргүүлэх хөгжилтэй улс болж байна. Хэрвээ “ертөнцийн эзэн”  мөнхийн улсаа байгуулаад илүү хөгжилтэйг нь сонговол гарцаагүй л Израйль багтана. Тэдний эх оронч үзэл  сионизмаас хүчирхэг Израйль болон биежиж буй нь энэ.
Тэгж ярих юм бол, өнөөгийн Израйльчууд  Ертөнцийн эзэнд “сонгогдсон” домгоо ч тоохоо  байж. Иерасалимын их сургуулийн профессор Занд “Жүүд үндэстнийг Ерөнцийн Эзэн яагаад сонгов” гэдэг ном бас туурвижээ. Тэрээр, Жүүд үндэстний бахархал болдог тэр домгийг ёстой сайхан худал зүйл хэмээгээд Израйль гээд байгаа нөхдүүд чинь  ядаж нэг ястан ч биш хараас цагаан хүртэлх арьстан бүхэн багтсан 70 орчим ястан гэдгийг иш болгожээ. Одоогийн жүүдүүдэд  Израйль улс, Израйль хүн мундаг байгаа нь чухал болохоос биш жүүдүүд мундаг гаралтайг өгүүлэх домог, бусдаас илүү ирээдүйтэй гэж мэтгэх мөрөөс сонин биш ажгуу. Учир нь тэд хорвоогоор хэрэн хэсч явахдаа “мөхөх үндэстэн өнгөрснөөрөө амьдардаг, өсөх үндэстэн өнөөдрөөрөө амьдарч маргаашаа төлөвлөдөг гэдгийг мэдээд авч.  Дурсамжийн оронд бизнес, мөрөөдлийн оронд төлөвлөгөө. Нарийн яривал, хоёр мянган жил цагаачилж явахад нь ямарч домог тэднийг авраагүй шүү дээ.
   Улс үндэстний омогшил, эх оронсог хий-өнгөрсний дурсамж, ирээдүйн мөрөөдөл нь эхийн сүү шиг чухал зүйл. Эхийн сүү амлахгүйгээр ямар ч амьтан ч өсч өндийж чадахгүй. Эхийн сүүгээр амлаж байгаа хүүхэд эрүүл сайн хүн болох нь тодорхой. Харин 10 нас хүрчихээд эхийн сүүгээрээ явж байвал  хүн болохоо өнгөрсөн гэсэн үг.
Source: news.mn
ХОРЬДУГААР ТОГТООЛ2011 оны 12 сарын 20
Чоно ба долоон ишиг
-    Тог тог...
-    Хэн бэ?
-    Энхрий үрс минь хаалгаа нээ. Ээж нь ирлээ. Та нартаа дэлэн дүүрэн сүү, сагс дүүрэн яргуй авчирлаа.
Харин ишигнүүд хахир бүдүүн дуугаар нь чоно байна гээд төвөггүйхэн таньчихжээ. Тэгээд,
-    Хаалгаа бид нээхгүй. Хайртай ээж маань энхрий зөөлөн дуутай. Харин та бол хахир бүдүүн дуут чоно байна шүү дээ гэж майлалдаж гэнэ.
Чоно “Гайгүй ээ, та нарыг дээ” гэж үглэснээ хүнсний мухлаг руу харайлгажээ. Мухлагаас тэр түүхий өндөг авч уугаад дуугаа шингэрүүлж гэнэ. Чоно эргэж очоод хаалгыг нь тогшиж,
-    Энхрий үрс минь хаалгаа нээ. Ээж нь ирлээ. Та нартаа дэлэн дүүрэн сүү, сагс дүүрэн яргуй авчирлаа гэж шингэн дуугаар хэлжээ...

2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар, өдгөө хүн төрөлхтөн шударга гэж үзэж буй тэр зарчмаар ширээнээсээ ширвүүлчихсэн Н.Энхбаяр дуугаа шингэрүүлж, савраа сольчихоод байн байн хаалга тогшиж байна. Түүний мэх түмэн янз. Мартсан бүгдийг сануулахаас аваад мартаагүйг ч замхруулах гэнэ. Саяхан Н.Энхбаярын Зууны мэдээ сонинд “Зэсийн үнэ унавал Хорьдугаар тогтоол давтагдахгүй гэх газаргүй” гарчигтай ярилцлага гарлаа. Харин Монголбанкны Олон нийттэй харилцах газрын дарга Б.Лхагважав огт ийм зүйл яриагүй гэдгээ батлахын сацуу “...Гэхдээ миний бодлоор хэн нэгний эрх ашигт нийцээд байсан учраас “Мөнгөний ханш унана” гэсэн цуу яриаг тараасан болов уу гэж бодож байна. Сонгууль, улс төртэй ч холбоотой байж магадгүй. Ард түмний санаа сэтгэлийг сандраах, “пааник”-т оруулах гэх мэтээр...” гэж хэлээд ажлаа өгөхөөр өргөдөл гаргаснаа хэлжээ.

Н.Энхбаярын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг үзэхээр Монголд биш тамд төрчихжээ гэмээр сэтгэгдэл төрдөг болоод удаж байна. Гэхдээ амьдрал сэтгэгдэл бол биш. Бид урагшилж л явна. Н.Энхбаяр хэдий буддын шашинтан ч Шамбалын дайнд оройлох Майдар бус, нүглийн ихийг ухамсартайгаар үүрч яваа байдаг л нэг улстөрч. Эх болсон зургаан зүйл амьтны нэгд төрсөн тэрбээр сул иргэн болоод хоёрхон оныг үдэж байна.    

Сэтгэлд хоногшсон тогтоол

1991 оны нэгдүгээр сарын 15-нд БНМАУ-ын Засгийн Газрын 20 дугаар тогтоол гарчээ. Засгийн газар тогтоолынхоо төслийг Улсын Бага Хурал (УБХ)-д урьдчилан танилцуулж, тухайн асуудлаар УБХ хаалттай хуралдаан хийсэн байдаг. “Эдийн засгийг зах зээлийн зохицуулалтад шилжүүлэх зарим арга хэмжээний тухай” тус тогтоол нийт 18 заалт, хоёр хавсралттай юм.

    Өнгөрсөн 20 жилд Монголын Засгийн газар түг түмэн тогтоол гаргасан ч ганц үүнийг монголчууд өнөө хэр санаж явдаг. Олсоноосоо илүү алдсанаа санаж явдаг хүний сэтгэхүйн онцлог байж ч мэднэ. Сэтгэхүйн талыг нь орхиод хар баримт харъя.

“Аваанз” гэж яриад хэвшчихсэн цалингийн урьдчилгаа буусны маргааш бүх юмны үнэ хоёр дахин нэмэгдчихээр хэнд ч хүнд тусна. Иддэг хоолных нь талыг “Хорьдугаар тогтоол” аваад явчихсан шүү дээ. Тэр үед хүмүүсийн гар дээр 742 сая төгрөг эргэлдэж байсан гэдэг Монголбанкны тооцоо байна. Олсон хэдэн цаасаа гудсан доороо дарж хэвтсэн хүн бүхэн гомдсон. Голдоо ортол гомдсон. Дээрх тоонд банкны хадгаламж багтахгүй харин байгууллагын кассын мөнгө оржээ.

Ардчиллын буяныг анхлан хүртэгч-ганзагчдын гар дээрээ хадгалж байсан бэлэн мөнгө үүнд өртсөн. Тэд маань бүүр их гомдсон. Тэдний хөрөнгө энгийн иргэд амьддаа ч хараагүй тийм их бэлэн мөнгө байсан. Хадгаламжийн дэвтэртээ 50 000 төгрөөс мөнгөтэй бүх хүний доорх газар цөмөрсөн. Гэхдээ хамрах хүрээ нь харьцангуй бага, ердөө л 651 хүн. Харин хөрөнгө мөнгийг үзэн ядагч нийгэмд 50 000-аас дээш төгрөгтэй улсын олонх нь нийгэмд нөлөөтэй хэсэг нь байжээ. Товчхондоо дарга даамлууд, тэр дундаа улс төрийн шийдвэр гаргагчид. Хэдэн дарга л даа. Харин хоёрхон хүний хувьд галав юүлэх шиг санагдсан байх. Мань хоёр саяас дээш төгрөгийн хадгаламжтай байж. Чухам хэн гэдгийг нь мэдэх учиртай БНМАУ-ын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн нэр хэлсэнгүй. Гэхдээ Ардын уран зохиолч Л.Түдэв, Дархан аварга Х.Баянмөнх, Ардын жүжигчин Г.Гомбосүрэн гэх мэт хүмүүсийн нэр олны дунд явдаг.

Бас нэг хэсэг нь үүнийг мартах учиргүй. “Иргэдээс банкинд хадгалуулсан мөнгөний үлдэгдлийн 10 000 төгрөг хүртэлх хэсгийг 2 дахин нэмэгдүүлж, зөрүүг улсаас нөхөн олгох” заалт тус тогтоолд орсон юм. Иргэдийн ихэнх нь энэ индекст хамаарч байсан тул хэдэн цаас нь хоёр нугарсан. Гэхдээ “...мөн, бүх төрлийн барааны жижиглэн худалдаалах үнэ, үйлчилгээний тарифыг 2 дахин нэмэгдүүлэх” учир дүндээ дүн. Өнгөц харахад Манай цэцэрлэг тоо заасан гэдэг хүүхдийн дуу шиг энэ тогтоол Уяхан замбативийн наран адил уртын урт шалтгаантай.   

 Нэг шалтгаан


Тухайн үеийн Монголд Зөвлөлтийн 110 000 цэрэг бас дээр нь 20 000 мэргэжилтэн байжээ. Тэд төгрөгөөр цалинжина. Зөвлөлтийн нэг мэргэжилтэн дэлхийн жишгээр цалинжих ба багцаагаар 9 000 төгрөг. Монголчуудын гар дээр эргэлдэж байсан бэлэн мөнгөний бараг дөрөвний нэгтэй тэнцэх атлаа Монголбанкнаас гадуур явах учир энэ мөнгө огт хяналтгүй. “Орос ах нар” монгол төгрөгийг Ленинградын Гознакад хэвлээд бидэнд авчирч өгнө. Чухам хэдий хэмжээний төгрөг хэвлэсэн, манайд ажиллаж байгаа иргэддээ хичнээнийг нь цалин болгоод тараасныг мэдэх монгол ганц ч үгүй.

    Хятадтай тохироо хийсэн М.Горбачев 1988 онд Монголоос цэргээ гаргахаа зарлав. Хойтонгоос нь орос цэргүүд нутгийн зүг жолоо заллаа. Д.Бямбасүрэн ажлаа аваад улсынхаа балансыг харахад Монгол 1990 оны 10 дугаар сарын 1-ний байдлаар 3.3 тэрбум төгрөгийн барааны нөөцтэй байсан аж. Харин хоёр сарын дараа энэ нөөц 1.6 тэрбум төгрөгийн болтлоо хорогджээ. Эндээс Д.Бямбасүрэн хар авсан гэнэ. Монголчуудын гар дээр байгаа бэлэн мөнгөнөөс хоёр дахин их бараа хаашаа алга болсныг тагнуулын шугамаар шалгуулав. Орос цэргийн цувааны зэвсэг гэсэн хаягтай вагон ургамлын тос, элсэн чихэр, цагаан будаа гэх мэт Монгол импортоор авдаг бүхнээр дүүрчээ.

    Зөвлөлтөөс коммунизм тийш дуудсан марш сонстохоо болиод удаж байлаа. Барааны хомсдолоо шийдэхийн тулд чанамал хиамныхаа 30 хувийг шар буурцгаар дүүргэдэг болоод бүр уджээ. 1989 онд Эрхүү, Ангарск хоёрт хүнсний талоноор нэг удаа 1 кг мах, 300 гр цөцгийн тос, 1 кг саахар, нэг шил архи авч байжээ. Ийм нөхцөлд бууны оронд хүнс авч яваа оросуудыг хүнийх нь хувьд ойлгож болно. Гэхдээ өөрсдөө хоосон хоцорч болохгүй. Зөвлөлтийн Элчингийн Монголбанкинд байх Тусгай төгрөгийн 111 дүгээр дансанд тухайн үед 400 гаруй сая төгрөг хуримтлагдчихсан байсан нь манай эдийн засгийн бараг 1/10 тэнцэх аж. Зөвлөлт хэвлэсэн төгрөгөө цацахаар зэхсэн бололтой. Ийм нөхцөлд барааныхаа нөөцийг авч үлдэхийн тулд цалин тэтгэвэр болоод барааныхаа үнийг хоёр дахин нэмчихсэн аж.

Нөгөө шалтгаан  

Социализмыг сайжруулах зорилготой эхэлсэн ерэн оны жагсаал гуравдугаар сарын 4-ны өдрөөс эхлэн Зөвлөлтийн өр зээл, Зөвлөлтийн хараат байдлын талаар хөндөх болжээ. Үүнээс хойш Зөвлөлт монголчуудад их жихүүн ханддаг болсныг “Зөвлөлтийн эсрэг үзэлтэн” хочтой явсан Д.Бямбасүрэн дурсаж сууна.

    Ерэн онд манай импорт экспортоосоо 130 хувиар давчихсан байжээ. Монгол гадаад худалдааныхаа 85 хувийг Зөвлөлттэй, 10 хувийг СЭВ-ийн орнуудтай хийж ирж. Социалист орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага СЭВ 1990 оны аравдугаар сарын 25-нд таржээ. Ингээд Зүүн Европын орнууд өөрийн эрхгүй цаашаа хараад суучихлаа. Монголд ганц Зөвлөлт үлдэв. Гэтэл 1990 оны 12 дугаар сарын 26-нд ЗХУКН ТХ-ны Улстөрийн товчооны хурлаар Монголын тухай асуудлыг авч хэлэлцсэн байна. Уг хуралд Гадаад яам, КГБ хоёр нь материал бэлдэж өгсөн байдаг. Хурлаас “Маш нууц 79/13” гэх тогтоол гаргасан. Ингээд тэр сарынхаа 28-нд Ерөнхийлөгчийн зарлиг гараад манайтай хийж байсан бартерийн худалдаагаа бүрэн зогсоов. Улмаар мөн оныхоо арванхоёрдугаар сарын 31-нд бүх хилээ хаагаад авлаа.  

    Нефтийн үнэ унасан, архины эсрэг кампани явуулсан дээр нь Чернобылийн аюулыг арилгах болон Афганы дайнд асар их зардал гаргасан Зөвлөлтийн эдийн засаг 1986 оноос суларч эхэлсэн юм. Улс орноо зах зээлд оруулахаар ерэн оны намар эхлүүлсэн “500 өдрийн хөтөлбөр”-ийнхөө хүрээнд дээрх шийдвэрийг гаргасан бололтой. Мөн тэр намартаа Зөвлөлтийн Дээд зөвлөл тогтоол гаргаад Засгийн газартаа гадаад орнуудад зээл тусламж үзүүлэхийг бүрмөсөн хорив. 

     Одоо монголчууд өөрсдийгөө тэжээх, тэр дундаа дэлхийн зах зээлтэй халз тулаад гиперинфляцид өртсөн посткоммунист ертөнцийн хувь заяаг туулах учиртай болжээ. Чухам энэ үед үндэсний валютынхаа худалдан авах чадварыг хоёр дахин унагаж инфляцийн цохилтыг тэр хэрээрээ багасгах эдийн засгийн арга хэрэглэсэн байна. Гиперинфляци ид оволзож байхад ийм алхам хийснээ Тэргүүн шадар сайд асан Да.Ганболд нэгэнт унаад эхэлсэн эдийн засгийн явцыг урьдчилан харсны үндсэн дээр төгрөгийн худалдан авах чадварыг хадгалах үүднээс барааны үнэтэй хамт нэмсэн гэж тайлбарлалаа. Харин Д.Бямбасүрэн арай хялбараар “Их түймрийн өмнөөс тавьсан бага түймэр, түймрийг цурманд оруулах монгол ухаан” хэмээн ойлгууллаа.
     
Өөр шалтгаан

Дашийн Бямбасүрэн 1976 оны хоёрдугаар хагасаас Үнэ стандартын хороон дарга болжээ. Бараа таваарын үнэ ханшийг тогтоох институцийг олон жил толгойлсон хүний хувьд тэрбээр үнийн талаар өөрийн бодолтой үлдсэн байна. Ямар ч байсан социализмын материал техникийн бааз байгуулж явна гэж хөөрч байхдаа Монгол үнийн системгүй, зөвхөн татаац дээр тогтож байж. 1990 онд түүнийг Ерөнхий сайд болоход улсын төсөв 4.4 тэрбум төгрөг, түүнийхээ 1.7 тэрбумыг үйлдвэрийн алдагдал хаахад зориулж байсан аж. Бүх юм хатуу үнэтэй гэхдээ бүгд татаацтай, төгрөг дөчийн талх, хорин дөрвийн чихэр хүртэл татаацтай. Ийм нөхцөлд чөлөөт үнэд орвол гиперинфляцид орох байж. Д.Бямбасүрэн үүнийг алсаас тайлбарлав.
Египет, Сири хоёр 1973 оны аравдугаар сарын 6-нд хавсайдан Израил руу дайрч 18 хоногийн дараа ялагдаад дууссан энэ явдлыг “Арван сарын дайн” гэх нь бий. Арабын хоёр улс Галоны өндөрлөгт жүүдүүдэд балбуулж байхад ОПЕК-ийн орнууд Израйлыг дэмжигч АНУ болон Баруун Европын улсуудад нефть экспортлохоо зогсоов. Ингээд удалгүй, баррель нь гурван ам.доллар байсан нефтийн үнэ 12 болтлоо өсчээ. АНУ-ын Ерөнхийлөгч Р.Никсон иргэддээ шатахуун хэрхэн хэмнэх тухай зааж байхад Зөвлөлт Баруун Европ руу гаргах нефтээ үлэмж нэмж суулаа. Ингээд 1980 он гэхэд зөвлөлтүүд дэлхийн зах зээл дээрх нөлөөтэй тоглоч болов.   

Үүнийг ашиглаад Зөвлөлт социалист орнуудад өөрийн нөлөөг нэмэгдүүлэх үүднээс үнийнхээ системд оруулж, дэлхийн зах зээлээс салгах бодлого явуулсан гэж Д.Бямбасүрэн үзэж байна. Мөн энэ үеэс социалист системийн үнэ, санхүүгийн хямарч эхэлсэн гэв. Хуучин социалист орнууд хоорондоо наймаа хийхдээ тав таван жилээр үнээ тохирдог байж. Гэтэл 1976 оноос эхлээд жил бүр үнээ тогтоодог болсон байна. Тэгтэл экспортын хэдхэн бараатай Монголыг зөвлөлтүүд “Та нар үнээ битгий өөрчил. Бид буцалтгүй тусламжаар үнийн зөрүүг хаая” гэжээ. Гэхдээ урьд нийлүүлж байсан барааг хуучин үнээр, харин шинэ бол тухай бүрд нь үнээ тохирно гэж. Бас урьд нийлүүлж байсан барааны жижиглэнгийн үнийг дотооддоо барь гэдэг хатуу үүрэг өгсөн байна.   

Гэтэл оросууд тракторынхаа нэг үсгийг өөрчлөөд урьд 4 000 ам.доллар байсныг 14 000 ам.доллароор оруулж ирдэг болсон аж. Нэг барааныхаа өнгийг сольчихоод л шинэ бараа тул үнийн зөрүүг нь хаахгүй гэнэ. Ингээд 1976-1980 онд Монголын үнийг хамгаалах нэрээр 402 сая шилжих рублийн буцалтгүй тусламж өгчээ. Харин 1981-1985 онд буцалтгүй тусламж бус 1.1 тэрбум шилжих рублийн зээлээр манай үнийн зөрүүг хаалаа гэх болжээ. Чухам юуг, яаж хаагаад байгаагаа монголчуудад огт тайлбарлахгүй. Энэ мэтээр явсаар Монгол дэлхийн зах зээлийн үнээс салж, Зөвлөлтийн дотоодын үнэ рүү орж эхэлсэн байна. Бүр Зөвлөлтийн үнийн системд оръё гэдэг санал манай талаас гарч, энэ талаар Зөвлөлттэй ярьж тохир гэсэн боловч Д.Бямбасүрэн таг чиг явсаар 1984 онд ажлаасаа хусагдаж барилгын салбар руу хөөгджээ.

Ингэсээр бүх талаар Зөвлөлттэй ойртон нягтарч явсан Монголын үнийн систем 1980-аад оны дунд үе гэхэд бүхэлдээ эвдэрсэн байна. Бүх барааны бөөний үнэ жижиглэнгийн үнээсээ даваад гарчихжээ. Ийм гажиг нөхцөлд Хорьдугаар тогтоолыг гаргасан байна. Жижиглэнгийн үнэ бөөний үнээ давчихсан байсан тул ингэж хоёр дахин нугалсанаар үйлдвэрүүд нэг муухан амьсгалаад байх боломжтой болно гэж үзэж. Цалин тэтгэвэрээ нэмээд, үнээ өсгөчихөөр жижиглэнгийн үнэ бөөний үнээс дээшээ гарна.

Д.Бямбасүрэн нарын тооцоогоор барааны өөрийн өртөг 47 хувь өсөх байсан нь 0.1 хувийн ч алдаа гараагүй гэнэ. Ингээд монгол хүн бүхний сэтгэлд хоногшсон Хорьдугаар тогтоолын ачаар манай улс хямралыг Зүүн Европын орнуудтай харьцуулбал 5-6 дахин бага инфляцитай давсан. Харин Аугаа СССР-ийг өвлөсөн Оростой харьцуулахад 40 дахин бага инфляцитай гарсан ажээ. Мөн үндсэн хөрөнгийн үнийг нэмээгүй байсан болохоор өмч хувьчлал ч үүнд асар их нэмэр оруулсан гэдгийг Да.Ганболд тэмдэглэж байсан юм.

Бас бус явдал

Хорьдугаар тогтоолын нууц задарч, хувийнхаа хэдэн төгрөгийг аварч үлдэх улмаар арвижуулах гэсэн оролдлого ч гарчээ. Засгийн газрын нэр бүхий гурван гишүүн, мөн УБХ-ын дөрвөн нөхрийг энд нэрлэж болох юм.

    Харин сонгууль сонгуулиар МАХН Д.Бямбасүрэнг гиперинфляци эхлүүлсэн гэж хүмүүст ойлгуулдаг, ардчилсан хүчин төрд гарвал дахиад л ийм болно шүү гэж айлгах дуртай. Уул нь түүний энэ алхмыг гадаадын эдийн засгийн сурах бичигт оруулчихсан юм билээ л дээ. Аж үйлдвэржсэн мундаг орнууд нуран унасан инфляцийг монголчууд аюул багатай давсан түүх ийм. БНМАУ-ын сүүлийн Ерөнхий сайдын албыг хашсан Дашийн Бямбасүрэн гэх буурал эр үүрэгт ажлаа өгөөд ажин түжин суусаар хорин жилийг үджээ. 2009 онд “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг, ардчилсан, иргэний нийгэм байгуулахад оруулсан жинтэй хувь нэмэр...”-ийг нь үнэлж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түүнийг Чингис хаан одонгоор шагнасан юм.

Source: News.mn